БНХАУ-ын Хэбэй мужийн Циньхуандао хотод “Sxcoal”-аас зохион байгуулсан “Эрчим хүчний нүүрсний зах зээлийн 16 дахь удаагийн чуулга уулзалт” 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус чуулга уулзалтад нүүрсний салбар, эрчим хүчний группүүд, логистик, санхүүгийн байгууллагууд болон нүүрс хэрэглэгч доод шатны (хими, цемент гэх мэт) салбарын тэргүүлэх шинжээч, төлөөлөгчид хуран цуглаж, 2026 оны дэлхийн болон бүс нутгийн эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт, эрэлтийн төлөв байдал, салбарын шинэчлэлийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Чуулга уулзалтын гол сэдвүүд ба зах зээлийн төлөв:
- Нийлүүлэлтийн онцлог ба үнийн эрсдэл: Чуулганд оролцсон шинжээчдийн онцолсноор 2026 онд эрчим хүчний нүүрсний зах зээлийн хөдөлгөгч хүч нь нийлүүлэлтийн талын тодорхойгүй байдлаас голон шалтгаалж байна. Хэдийгээр ойрын хугацаанд нийлүүлэлтийн зангилаатай байдал үргэлжилж байгаа ч дөрөвдүгээр улиралд олборлолт хурдассанаар өндөр түвшинд хүрээд буй үнэ эргэн буурах эрсдэлтэйг анхааруулав.
- Салбарын эрэлтийн ялгаатай байдал: БНХАУ-ын зах зээлд дулааны цахилгаан станцын нүүрсний хэрэглээний өсөлт саарч, цементийн салбарын эрэлт буурсан үзүүлэлттэй байгаа бол геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр нүүрс-химийн салбарын ашигт ажиллагаа өсөж, нүүрсний хэрэглээ нь нэмэгджээ.
Монголын Нүүрс Ассоциацийн оролцоо:
Тус чуулга уулзалтад Монголын Нүүрс Ассоциацийг төлөөлөл оролцож, илтгэл тавилаа.
Тэрээр илтгэлдээ Монгол Улсын нүүрсний салбарын асар их нөөц бололцоог тэмдэглээд, манай улсын сэрүүн уур амьсгалын давуу талыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэл болон хиймэл оюун ухааны (AI) дата төвүүдийг хөгжүүлэх, мөн нүүрс-химийн үйлдвэрлэлийн цогцолборт олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өндөр боломжууд байгааг онцлон танилцууллаа.
Энэ удаагийн чуулга уулзалт нь олон улсын нүүрсний салбарын оролцогчдын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.




