Монгол нүүрс ассоциаци болон Хятадын нүүрсний үнийн жишиг болон мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэгч байгууллага болох “Sxcoal” хамтран 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөр Монголын Баяннуур хотод “Хятад-Монголын нүүрсний худалдааны чуулган”-ыг зохион байгуулав. Тус хуралд салбарын зах зээлийн чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэхээр БНХАУ болон Монгол улсын нүүрсний салбарын төлөөлөгчид, оролцогчид оролцлоо.

Дэлхийн эрчим хүчний салбарт шилжилт хөдөлгөөн хурдсаж, эрчим хүчний бүтцийн өөрчлөлт гүнзгийрэн, олон улсын нүүрсний зах зээл дэх нийлүүлэлт, эрэлт, үнэ болон худалдааны урсгал улам бүр ээдрээтэй, тогтворгүй болж, тодорхойгүй байдал мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Газар зүйн байршил, олон жилийн уламжлалт найрсаг харилцаагаар холбогдсон Хятад, Монгол улсууд нүүрсний худалдааны гүн гүнзгий түүхтэй бөгөөд энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол тулгуур багана болдог. Өнөөгийн шинэ нөхцөл байдалд хоёр талын нүүрсний худалдаа нь шинэ сорилтуудтай тулгарч буйн зэрэгцээ шинэ боломжуудыг нээж байна.

Энэхүү хурлын зорилго нь хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хооронд нүүрсний олборлолт, үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр илүү гүнзгий түншлэлийг дэмжих, харилцан солилцоо, хамтын ажиллагааны өндөр түвшний, мэргэжлийн платформ бий болгоход оршиж байна. Оролцогч компаниуд дэлхийн болон бүс нутгийн нүүрсний зах зээлийн чиг хандлага, олборлолт, үйлдвэрлэл, хэрэглээ болон логистикийн хөгжлийн талаарх чухал мэдээллийг хуваалцаж, улмаар цаашдын хамтын ажиллагааны боломжит хувилбаруудыг тодорхойлох нөхцөл бүрдэж байна.

Хурлын хөтөлбөр нь салбарын бодит байдалтай нягт нийцсэн бөгөөд Хятад-Монголын нүүрсний зах зээлийн үнэлгээ, хоёр талын худалдааны төлөв, хилийн боомтын үнийн индексийн хэрэглээ, фьючерс болон спот арилжааны эрсдэлийн удирдлага, нүүрс гүн боловсруулах салбар болон Монгол улсын арилжааны журам зэрэг практик сэдвүүдийг хамарч, салбарын тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны гацаа болон хөгжлийн гол цэгүүдийг оновчтой зааж өгснөөрөө онцлог байв.

“Fenwei Digital Information Technology” компанийн Ерөнхий захирал Лю Жин чиглүүлэн явууллаа. Тэрээр зохион байгуулагчдын нэрийн өмнөөс хуралд хүрэлцэн ирсэн удирдлагууд, шинжээчид, эрдэмтэд, байгууллагуудын төлөөлөгчид болон нүүрсний салбарын хөгжлийг урт хугацаанд дэмжиж ирсэн салбар бүрийн зочид төлөөлөгчдөд халуун баяр хүргэж, хурлын суурь нөхцөл, зорилгыг танилцуулав.

Хатагтай Лю хэлэхдээ, “Fenwei” компани нь нүүрсний салбарт 30 шахам жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд мэргэжлийн шинжилгээгээр дэлхийг холбох, чухал өгөгдлөөр салбартаа үйлчлэх, оюуны солилцоогоор үнэ цэнийг бүтээхийг зорьж, өндөр түвшний хэлэлцүүлгээр дамжуулан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсээр ирснийг тэмдэглэв. Мөн тэрээр энэхүү хурлын үеэр гүн гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын төлөвлөгөө боловсруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Нүүрс тээвэрлэлт, борлуулалтын холбооны дэд дарга Ши Ин хуралд үг хэлэхдээ, үндэсний нүүрсний зах зээлийн үйл ажиллагааны үүднээс Хятад-Монголын нүүрсний худалдаанд тулгарч буй боломж, сорилтуудыг шинжлэн дүгнэв. Ноён Ши салбарын зохицуулалт болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлын чухлыг онцолж, цаашдын нарийвчилсан хэлэлцүүлгийн чиг хандлагыг тодорхойлж өглөө.

“Fenwei Digital Information Technology” компанийн Индекс хариуцсан хэлтсийн Коксжих нүүрс, кокс хариуцсан дарга Ву Чянь 2026 онд Хятад улсын коксжих нүүрсний импорт 126 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.9%-иар өснө гэж таамаглаж байна. Дотоодын нийлүүлэлтийн хомсдол нэмэгдэж байгаа нь импортын коксжих нүүрсний хамаарлыг өсгөх бөгөөд логистикийн давуу тал болон үнийн өрсөлдөх чадвараараа Монгол нүүрсний зах зээлд эзлэх давамгайлах байр суурь улам бэхжин гэдгийг тэрээр дурдлаа.
“Guoneng Coking Coal (Inner Mongolia)” компанийн Борлуулалтын хэлтсийн менежер Пэн Жихүа хоёр улсын нөөц баялгийн харилцан нөхөх шинж чанар болон нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан, хил дамнасан коксжих нүүрсний худалдаа болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их боломж байгааг онцлон тэмдэглэв.
“Inner Mongolia Baogang United Steel” компанийн Нүүрс, кокс, химийн салбарын орлогч захирал Жан Жянь хэлэхдээ, Монголын нүүрс боловсруулах үйлдвэрлэлд усны нөөцийн хязгаарлалт, байгаль орчны зохицуулалт чангарч буй зэрэг сорилтууд тулгарч байгааг тэмдэглээд, цаашид үр ашгийг нэмэгдүүлэхэд ухаалаг болон ногоон технологи гол түлхүүр болно гэдгийг тэмдэглэв.
“Inner Mongolia Nao’er International Trade (Group)” компанийн дэд захирал Ван Юн үнийн ил тод байдал нэмэгдсэнээр уламжлалт “Уурхай-Зуучлагч-Хэрэглэгч” загварт зуучлагчдын ашгийн маржин хумигдаж байгааг тэмдэглэв. Тэрээр талууд өөрсдийн давуу талыг ашиглан нийлүүлэлтийн сүлжээний зардлыг бууруулж, үнэ цэнийг хамтран хуваарилах шинэ түншлэлийн хандлагыг хэрэгжүүлэхийг уриаллаа.
“E-Commodities Holdings Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жан Хунъюань Монгол нүүрсийг хэджинг (эрсдэлээс хамгаалах) хэрэгсэл болгон ашиглах үндэслэлийг тайлбарлахдаа чанарын тогтвортой байдал, нийлүүлэлтийн стандартад нийцсэн байдал, зардлын тодорхой байдал, хөрвөх чадвар өндөр, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх эрсдэл бага зэрэг давуу талуудыг дурдав. Тэрээр эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн байх, урт хугацааны бизнесийн зорилгыг дэмжих зорилгоор бүтэцлэгдсэн, институцийн тогтолцоонд суурилсан байх ёстойг онцоллоо.
“Fenwei Digital Information Technology” компанийн Индекс хариуцсан хэлтсийн менежер Лю Яньжюнь “CCI” хилийн боомтын үнийн индексийн аргачлал болон хэрэглээг танилцууллаа. Энэхүү индексийг (үүнд CCI Ganqimaodu Mongolia 5# болон CCI Liulin 4# коксжих түүхий нүүрсний индексүүд багтаж байна) Монгол улсын нүүрсний цахим арилжааны үнэ тогтоох журамд аль хэдийн ашиглаж байгааг тэрээр тэмдэглэв.

Монголын Нүүрсний Ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва Монгол улсын нүүрсний салбарын ерөнхий төлөв байдал, экспортын бүтцийг танилцуулсан бол Монголын хөрөнгийн биржийн Түүхий эдийн арилжаа, бүртгэлийн газрын дарга О.Батзаяа эрдэс бүтээгдэхүүний арилжааны эрх зүй, зохицуулалтын орчны талаар мэдээлэл өглөө.
Хурлын үйл ажиллагааны үргэлжлэл болгон 6 дугаар сарын 25-ны өдөр Ганцмод хилийн боомт болон Жинчуань үйлдвэрлэлийн паркад газар дээрх танилцах аяллыг зохион байгуулах бөгөөд оролцогчид хил дамнасан бүрдүүлэлт, олон төрөлт тээвэр (мультимодаль) болон талбайн үйл ажиллагаатай биечлэн танилцах юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн