Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, тоон үзүүлэлт хөөцөлдөх хандлага давамгайлж ирсэн нь “Төрийн бодлого – Шинжлэх ухаан – Үйлдвэрлэл” гэсэн гурвалсан холбоог бэхжүүлэх, салбарын хөгжлийг цогцоор нь шинэчлэх шаардлагыг улам тодорхой болгож байна.
Өнөөдөр Монгол Улс зөвхөн нүүрс олборлогч орон байхаас татгалзаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч улс болох стратегийн шилжилтийн чухал үед ирээд байна. Нүүрс бол өндөр үнэ цэн бүтээх боломжтой баялаг бөгөөд урт хугацааны тогтвортой бодлого, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн чиг баримжаа шаарддаг салбар юм.
Энэ хүрээнд нүүрсний салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэлхийн чиг хандлага, практик хэрэглээг хэлэлцсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.
Хуралд давхардсан тоогоор 60 гаруй эрдэмтэн, судлаач, инженерүүд оролцож, судалгааны үр дүнгээ танилцууллаа. Үүнд:
Академич – 1
Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор – 4
Доктор (Ph.D), дэд профессор – 14
Монгол Улсын зөвлөх инженер – 10
Магистр – 19
Бакалавр, багш, мэргэжилтэн – 4
Хэлэлцэж буй сэдвүүд нь уламжлалт уул уурхайн ойлголтоос давж, орчин үеийн өндөр технологийн чиг хандлагыг тусгаж буйгаараа онцлогтой. Тухайлбал:
Хиймэл оюун ухаанд суурилсан хайгуулын менежментийн ухаалаг системүүд
Байгаль орчинд ээлтэй, бие даасан ногоон эрчим хүчний эх үүсвэрүүд
Нүүрс-химийн үйлдвэрлэл болон нүүрсийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжууд
Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах дэвшилтэт технологиуд
Геофизик, дрон болон хиймэл дагуулын технологийг уурхайн геотехникийн судалгаанд ашиглах аргачлалууд
Мөн эдгээр чиглэлээр нийт 22 дэд судалгааг танилцуулж, салбарын хөгжлийн шинэ боломжуудыг хэлэлцлээ.
Энэхүү хурал нь нүүрсний салбар зөвхөн экспортын хэмжээг нэмэгдүүлэх бус, шинжлэх ухаан, инноваци, өндөр технологид тулгуурлан дэлхийн жишигт хүрэх зорилгоор хөгжиж буйг тод харуулж байна.







