Монгол Улсын аж үйлдвэр, эрчим хүчний салбарын амин судас нь яах аргагүй уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар хэвээр байна. Зэсийн баяжмал хайлуулах, гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, металлургийн салбарыг шинэ шатанд гаргахад коксжих нүүрс гол түүхий эд болохын зэрэгцээ дотоодын эрчим хүчний үндсэн гол эх үүсвэрийг нүүрсээр хангаж байна.

Гэвч бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт зөвхөн олборлолтын хэмжээг тэлэх, тооны араас хөөцөлдөх хандлага давамгайлж ирсэн юм. Үүний улмаас салбарын хөгжилд “Төрийн бодлого – Шинжлэх ухаан – Үйлдвэрлэл” гэсэн гурвалсан холбооны цогц шинэчлэл, нэгдсэн бодлого дутагдсаар ирлээ.

Монгол Улс зөвхөн нүүрс ухаж гаргадаг орон байхаас татгалзаж, нэмүү өртөг шингээсэн, баяжуулж боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогч Олборлогчоос –  Боловсруулагч, Аж үйлдвэржсэн улс болох стратегийн шилжилтийн чухал зааг дээр ирээд байна. Нүүрс бол өөрөө өндөр өртөг шингээх асар их боломжтой баялаг бөгөөд урт хугацааны тогтвортой бодлого, технологийн нарийн тооцоолол шаарддаг томоохон салбар юм.

Өнөөдөр нүүрсний салбар дахь Монгол Улсын шинжлэх ухааны хөгжлийн түвшинг дэлхийн нийтийн ололт амжилттай харьцуулан дүгнэсэн, онол практик ач холбогдол бүхий олон чухал судалгааны ажлыг хэлэлцэж байна.

Нүүрсний салбарын шинжлэх ухаан, технологи, бодлого төлөвлөлтийн шилдэг мэргэжилтнүүд цугларч, давхардсан тоогоор нийт 60 гаруй эрдэмтэн, судлаачид өөрсдийн бүтээл, судалгааны үр дүнгээ танилцуулна. Үүнд:

Хэлэлцэж буй сэдвүүд нь уламжлалт уул уурхайн ойлголтоос аль хэдийн давж, орчин үеийн өндөр технологийн чиг хандлагыг шингээжээ. Үүнд:

Удирдлага, менежментийн инновац

Хайгуулын менежментийг цогц шийдлээр удирдах хиймэл оюун ухааны ухаалаг системүүд.

Бүс нутгуудын тогтвортой хөгжлийг хангах бие даасан, байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх.

Гүн боловсруулалт ба Үйлдвэржилт

Салбарын хамгийн том хүлээлт болох нүүрсийг химийн аргаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах болон ҮТП нүүрс-химийн цогцолборын асуудлууд.

Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, олборлолтыг эдийн засгийн эргэлтэд оруулах.

Практик технологи, дэвшилтэт судалгаа

Стратегийн томоохон ордуудын нүүрсийг хуурай аргаар баяжуулах дэвшилтэт туршилтууд.

Уурхайнуудын геотехникийн судалгаанд геофизикийн арга, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон хиймэл дагуулын технологиудыг ашиглах зэрэг практик ач холбогдолтой 22 дэд судалгааг дэлгэн танилцуулж байна.

Нүүрсний салбар зөвхөн экспортын тонныг нэмэх биш, шинжлэх ухаан, өндөр технологид суурилан дэлхийн жишиг рүү алхаж эхэлснийг энэхүү хурал бэлхнээ гэрчилж байна.

Мөн энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монголын Нүүрс Ассоциаци болон “Эрдэс баялгийн тойм” сонин хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын урт хугацааны түншлэлийн шинэ хуудсыг нээлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн