Нүүрс бол дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлийн хамгийн том эх үүсвэрээс гадна ган, цемент үйлдвэрлэлийн гол түүхий эд болдог. Тэр хэрээр сүүлийн жилүүдэд нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалтын гол үндэс болж, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтийн гол сэдэв болж байна. 2022 онд дэлхийн нүүрсний салбарт томоохон өөрчлөлт орсон жил боллоо. Дэлхий нийтээр анх удаа нүүрсний олборлолт 8.3 тэрбум тоннд хүрч, 8 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна. Геополитикийн хурцадмал байдлаас улбаатай эрчим хүчний аюулгүй байдал хурцаар тавигдаж, эрчим хүчний нүүрсний олборлолт, хэрэглээг огцом нэмэгдүүлэв. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санаачилгуудыг манлайлж, идэвхтэй оролцож байсан Европ тивд өнгөрсөн онд эрчим хүчний нүүрсний хэрэглээ нь 6.8 хувиар, импорт нь 30 орчим хувиар өслөө. Үүнтэй зэрэгцэн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-д Ковидын дараах эдийн засгийн сэргэлт хүчтэй илэрч, нүүрсний хэрэглээ, импорт нь нэмэгдлээ.
Монгол Улсын эдийн засгийн нүүрсний олборлолт, экспортоос ихээхэн хамааралтай байдал 2022 онд улам гүнзгийрэв. Нүүрсний экспортын биет хэмжээ 31.8 сая тонн, орлого 6.5 тэрбум ам.доллар болж огцом нэмэгдэв. Нүүрсний экспорт анх удаа Монгол Улсын нийт экспортын 51.8 хувийг бүрдүүллээ. 2023 оны I улиралд 14.1 сая тонн нүүрс экспортолж, 2,269 сая ам.долларын орлого олсон нь Ковидын өмнөх буюу 2019 оны орлоготой дүйцэж байна. Өнгөрсөн оны мөн үеэс орлого нь 3.3 дахин, хэмжээ 5.6 дахин өсжээ. Нийт экспортын 60.3 хувийг бүрдүүлсэн нь урьд хожид байгаагүй үзүүлэлт юм.
Нүүрснээс улсын төсөвт орох орлого эхний улиралд 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, оны эцэс гэхэд 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдэх хүлээлттэй байна. 2022 онд уул уурхайн салбарын төлсөн нийт татварын 50 хувийг, АМНАТийн 51 хувийг нүүрсний салбар дангаараа бүрдүүлсэн байна. Ялангуяа АМНАТийн асуудал нүүрсний салбарт хүндхэн сорилт дагуулж байна. Жишиг үнэ болон компаниудын борлуулалтын үнийн зөрүү 2022 онд огцом нэмэгджээ. Энэ оноос нүүрсний ангиллыг шинэчилж, нүүрсний арилжааг биржээр дамжуулан явуулах болсныг компаниуд дэмжиж байна. 2022 онд нүүрснээс 1.3 их наяд төгрөгийн АМНАТ төвлөрүүлсэн нь уул уурхайн салбарын төлсөн АМНАТ-ийн 51 хувийг бүрдүүлж байна.
Монголын нүүрсний экспорт нь голлон коксжих, сул коксжих нүүрс байсан бол сүүлийн жилүүдэд эрчим хүчний нүүрс нэмэгдэх боллоо. Ялангуяа Засгийн газрын “Боомтын сэргэлт” бодлогын хэрэгжилтээр БНХАУ-тай хиллэдэг томоохон боомтуудыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэж, олон жил яригдсан төмөр замууд ашиглалтад орсон нь нүүрсний экспортыг дэмжих, тээврийн зардлыг бууруулахад гол хүчин зүйл болж байна. 2023 онд Хавирга боомтоор анх удаа эрчим хүчний нүүрс экспортолсон юм. 2022 онд нийт 4.3 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь нийт экспортын 16 хувийг бүрдүүлжээ.
Монгол Улс нүүрс экспортолж эхэлснээс хойш хамгийн их борлуулалт хийсэн компаниудыг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс” тэргүүлж байна. Мөн нүүрс экспортлогч компаниуд байгуулагдсан цагаасаа хойш нийт 45.2 их наяд гаруй төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Хамгийн том экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани 12.8 их наяд гаруй төгрөгийн борлуулалт хийснээр байгаа бол Монголын анхны угаасан нүүрс экспортлогч “Энержи Ресурс” компани 10.2 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.