Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Польшийн Уул уурхайн төв хүрээлэнгийн судлаач нартай уулзаж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан (2023.08.28) байна. Уулзалтаар Монгол нүүрс ассоциаци нь Польшийн Уул уурхайн төв хүрээлэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхээр болжээ.
Эхний ээлжид нүүрсний уурхайнуудын төлөөллийг онолын ба практик сургалтад хамруулна. Үүнд онлайн лекц, богино хугацааны танилцах аялал хийхээр төлөвлөж байна. Энэхүү ажлыг Польшийн Элчин сайдын яамтай хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж. Польшийн Уул уурхайн төв хүрээлэн нь 1925 онд байгуулагдсан, Төрийн өмчийн яамны харьяа байгууллага юм. Тус байгууллага нь олон улсын уурхай, төсөлд зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн онд 25 сая ам.долларын ажил гүйцэтгэжээ. Уул уурхайн төв хүрээлэн нь 455 ажилтантай ба 134 нь докторын зэрэг цолтой. Одоогийн байдлаар 60 гаруй төсөл хэрэгжүүлж байна.
Европын Холбоо нүүрсний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхгүй болсон. Иймээс тус хүрээлэн биомасс хийжүүлэх, үйлдвэрийн болон хотын цэвэрлэх байгууламжийн өтгөн хаягдлыг нүүрстэй хольж хийжүүлэх, нүүрсийг шингэрүүлж, шатахуун үйлдвэрлэх чиглэлд судалгаа хийдэг аж. Түүнчлэн цахилгаан станц, нүүрс хийжүүлэх явц, хүнд аж үйлдвэрээс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг газрын гүнд булшлах технологи хөгжүүлэх ажил хийж байсан туршлагатай юм. Польш жилдээ далд уурхайн аргаар чулуун нүүрс 55 сая тонн, ил уурхайн аргаар хүрэн нүүрс 53 сая тонн тус тус олборлодог. Нүүрсний үйлдвэрлэлд 70 мянга гаруй хүн ажилладаг байна.