
БНХАУ-ын Наньжин хотод “China International Coal Trade Fair 2026” (Олон улсын нүүрсний худалдааны бага хурал) амжилттай зохион байгуулагдлаа.
Уг хурлаар БНХАУ, Монгол, Индонези, ОХУ-ын нүүрс, ган, эрчим хүчний салбарын тэргүүлэх ассоциациуд болон томоохон компаниудын төлөөллүүд оролцож, дэлхийн нүүрсний зах зээлийн чиг хандлага, экспортын шинэ бодлого, дэд бүтэц ба логистикийн шинэчлэл, ногоон шилжилтийн талаар нийт 11 илтгэл хэлэлцүүлэв.
Бага хурлаар хэлэлцсэн гол асуудлуудыг дурьдвал:
1. Индонези ба Монголын экспортын шинэ бодлого, логистикийн шинэчлэл
- Индонезийн олборлолтын тохируулга ба DSI систем: Индонезийн Нүүрсний Олборлогчдын Ассоциацийн (APBI-ICMA) Ерөнхийлөгч Прияди 2026 оны олборлолтыг зах зээлийн тэнцвэрт нийцүүлэн 700 сая тоннд барьж байгааг мэдээлэв. Дотоодын зах зээлийн үүрэгт (DMO) 247.9 сая тонныг хуваарилж, дотоодын хэрэгцээг доод тал нь 25%-иар хангаж байна. 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс экспортын бүртгэлийг DSI (Danantara Sumberdaya Indonesia) цахим платформоор хийх бөгөөд энэ нь худалдаанд саатал үүсгэхгүй дундын зохицуулагч байна. Мөн B50 биодизелийн журмаас үүдэлтэй зардлын өсөлтийг бууруулахаар уурхайн цахилгаанжуулалтад Хятадын тоног төхөөрөмжийг өргөнөөр туршиж байна.
- Монгол Нүүрс Ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва “Монголын нүүрсний салбар ба тээвэр дэд бүтцийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж оролцов. Монгол Улс эхний 10 сарын экспортоор 93.5 сая.тн нүүрсийг БНХАУ руу экспортлосон байна. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл 71.48%-ийн гүйцэтгэлтэй, 2027 оны 4 сард ашиглалтад орсноор авто тээврээс төмөр зам ба AGV системд бүрэн шилжиж, экспортыг жил бүр 150 сая тонноос давуулан тогтвортой барих боломжтойг онцлов.
2. Хятадын гангийн үйлдвэрлэлийн шилжилт ба нүүрс-цахилгааны салбарын реформ
- Гангийн салбарын “Хэмжээг бууруулж, чанарыг оновчлох” үе шат эхэлснийг онцлов: Хятадын Төмөр ба Гангийн Үйлдвэрлэлийн Ассоциацийн (CISA) мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн салбарын барилгажилт буурч байгаа ч шинэ эрчим хүчний систем, хөлөг онгоц болон автомашин үйлдвэрлэл гангийн шинэ эрэлтийг идэвхтэй дэмжиж байгааг танилцуулав.
- Нүүрсний цахилгаан станцын шинэ үүрэг: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд сүлжээнд өргөнөөр нэвтэрснээр нүүрсний цахилгаан станцууд нь ачаалал тохируулах, тогтворжуулах үндсэн үүрэгт шилжээд байна.
- Гангийн салбарын 2030 оны бүтэц ба таамаглал: Наньжин гангийн үйлдвэрийн шинжилгээгээр Хятадын түүхий гангийн үйлдвэрлэл 2026 онд 935 сая тонн болж буурахаар байна.
3. Дэлхийн далайн тээвэр, Оросын экспорт ба 2027 оны зах зээлийн төлөв
- Зах зээлийн үнийн динамик ба IEA-ийн таамаглал: Олон улсын нүүрсний зах зээлд геополитикийн зөрчлийн улмаас нүүрсний үнэ 151.2 ам.доллар/тонн-д хүрсэн. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас (IEA) 2030 он хүртэл дэлхийн нүүрсний эрэлт болон олборлолт жил бүр дунджаар 1%-иар буурна гэж таамаглав.
- Оросын Алс Дорнодын логистикийн дэд бүтэц: Оросын нүүрсний салбар санхүүгийн дарамттай байгаа ч Алс Дорнод дахь Эльга группийн хувийн “Pacific Railway” төмөр зам болон Эльга боомтын тээвэрлэлт 2026 онд 51%-иар өсөж, 38.9 сая тоннд хүрсэн бөгөөд 2027 онд тээвэрлэлтийн даацыг 30 сая тоннд хүргэхээр ажиллаж байна.
- Далайн тээврийн худалдаа ба нүүрс-коксын баланс: 2026 онд дэлхийн далайн нүүрсний худалдааны хэмжээ 1.36 тэрбум тоннд хүрэх бөгөөд Хятад, Энэтхэг, Вьетнамын импорт өсөж, ЕХ, Япон, БНСУ-ынх буурах хандлагатай байна. Mysteel-ийн судалгаагаар коксжих үйлдвэрүүдийн алдагдал 2027 онд нийлүүлэлтийг хязгаарлах гол хүчин зүйл болохыг анхааруулсан бол Сямынь Шянйү компаниас хиймэл оюун ухаан (AI), дата төв болон цахилгаан автомашины хэрэглээнээс үүдэн цахилгааны эрэлт өсөж, нүүрсний хэрэглээ “өндөр түвшний платформ үе”-дээ тогтворжино гэж дүгнэв.
“2026 оны Олон улсын нүүрсний худалдааны бага хурал” нь дэлхийн нүүрсний салбар хэмжээний өсөлтөөс чанар, дэд бүтэц, технологийн интеграцид суурилсан шинэ эрин рүү шилжиж байгааг баталгаажуулсан ач холбогдолтой арга хэмжээ болов.




