3rd China Coal Import International Summit 2026
2026 оны 3-р сарын 18–19-нд БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотноо “3rd China Coal Import International Summit 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олон улсын дээд хэмжээний уулзалт нь нүүрсний импорт, далайн зах зээлийн динамик, нийлүүлэгч орнуудын стратеги, олон улсын хамтын ажиллагааг гүнзгий хэлэлцэх платформ болж, дэлхийн нүүрсний салбарын гол тоглогчидыг нэгтгэсэн жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ болжээ.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, 14 дэх “Таван жилийн төлөвлөгөө”-ний амжилт, тулгарсан сорилтууд, 15 дахь төлөвлөгөөний бодлого, чиг хандлагыг шинжээчид танилцууллаа. Энэ хугацаанд Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэж, эрчим хүчний салбарын шилжилт, агаарын бохирдлыг бууруулах бодлого нь импортын шаардлагыг тодорхой хэмжээгээр бууруулсан байна.
Мөн БНХАУ-ын 2026 онд ямар төрлийн нүүрс илүү хэрэглэх тухай урьдчилсан мэдээллийг танилцуулсан нь нийлүүлэгч орнуудад стратеги төлөвлөлт хийхэд чухал нөлөө үзүүлж байна.
Хятадын нүүрсний импортын зах зээлд урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, чанарын шаардлага, өртөг, логистикийн зохицуулалт гол ач холбогдолтой байна. Уулзалтад оролцсон шинжээчид онцолсноор дотоодын нийлүүлэлт нэмэгдсэн тул импортын эрэлт буурч байгаа, коксжих болон эрчим хүчний нүүрсний чанарын эрэлт өндөр хэвээр байгаа ч далайн тээврийн үнэ, нийлүүлэлтийн үр ашиг зах зээлд шууд нөлөөлж байгааг тодорхойлсон юм.

Монгол улс Хятадын коксжих нүүрсний гол тогтвортой нийлүүлэгч хэвээр байгаа ч логистик, гааль, бичиг баримтын хүндрэлүүд экспортын өрсөлдөх чадварт саад болж байна. Арга хэмжээний үеэр Монголын 2026 оны үйлдвэрлэл, экспортын төлөвлөгөө, дэд бүтцийн хөгжлийн асуудлыг тодорхойлон хэлэлцэв.
Индонези улс нь эрчим хүчний нүүрсний томоохон нийлүүлэгч боловч экспортын квот, бодлогын өөрчлөлтөөс шалтгаалан нийлүүлэлт буурч байгаа нь зах зээлийн хуваарилалтад нөлөөлж байна.
Австрали улс өндөр чанарын коксжих нүүрсний гол нийлүүлэгч хэвээр. Гэвч зах зээлд урт хугацааны эрэлт багасч байгаа нь экспортын стратегийг шинэчлэх шаардлагатай болгоод байна.
Орос коксжих нүүрсний тогтвортой нийлүүлэгч боловч геополитикийн болон санхүүгийн сорилтууд экспортын урт хугацааны тогтвортой байдалд нөлөөлж байна.

Энэтхэгийн нүүрсний эрэлт нэмэгдэж, далайн нүүрсний импортын хэрэгцээ өндөр хэвээр байгаа нь нийлүүлэгчдэд боломж, эрсдлийг зэрэг бий болгож байна.
Уулзалтаар далайн хуурай ачааны тээврийн зах зээлийн чиг хандлага, 2026 онд анхаарах гол асуудлуудыг танилцуулсан бөгөөд эрсдэлийг удирдах хэрэгсэл, практик кейсүүдийг оролцогчдод хүргэлээ. Энэ нь нийлүүлэлтийн тогтвортой байдал, зах зээлийн эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
“3rd China Coal Import International Summit 2026” арга хэмжээ нь БНХАУ-ын нүүрсний импортын шинэ чиг хандлага, нийлүүлэгч орнуудын стратеги, далайн зах зээлийн эрсдэл, боломж‑ийг тодорхойлсон олон улсын чухал платформ болж чадлаа. Монголын нүүрсний салбарын хувьд энэ нь экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд бэлтгэх стратеги тодорхойлох, бодлогын шийдэл боловсруулах үнэтэй боломж болж байна.



