












“НҮҮРСНИЙ САЛБАРЫН УУРХАЙЧДЫН ӨГЛӨӨ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтэс болон Монгол нүүрс ассоциаци хамтран “Нүүрсний салбарын уурхайчдын өглөө” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газар, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөл оролцож, нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого зохицуулалт, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
Мөн нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд болон бодлого, зохицуулалттай холбоотой санал, хүсэлтээ төрийн байгууллагын төлөөлөлд уламжилж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс дараах асуудал, санал хүсэлтийг хөндөн танилцуулж, холбогдох төрийн байгууллагуудтай санал солилцов. Үүнд:
Зөвшөөрөл, зохицуулалтын орчны талаар
- Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахад шаардагддаг олон төрлийн зөвшөөрлийн тоог бууруулж, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчлах,
- Тусгай зөвшөөрлийн хил залгаа талбайнуудын хооронд олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжийг эрх зүйн хүрээнд нээж өгөх,
- Зөвшөөрлийн нэгдсэн системд бүртгэгдсэн зарим зөвшөөрлийг аль төрийн байгууллага шийдвэрлэх нь тодорхойгүй байгааг тодорхой болгож, шийдвэрлэлтийг шуурхай болгох,
- Газрын зөвшөөрлийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэх явцад газар олгохгүй байх шийдвэр гарснаас шалтгаалан уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэл үүсэж байгааг анхаарч үзэх,
- Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авахдаа салбарын аж ахуйн нэгжүүдийг илүү өргөн хүрээнд оролцуулах.
Экспорт, худалдаа, логистикийн орчны талаар
- Нүүрсний экспортын зарим хилийн боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах,
- Гаалийн лабораторийн шинжилгээний дүгнэлтийн хүчинтэй хугацааг уртасгах,
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгодог барааны гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах.
Зах зээл, худалдааны зохицуулалтын талаар
- Аж үйлдвэрийн паркуудыг нүүрсээр тогтвортой хангах зорилгоор дотоодын зах зээлд нүүрсийг биржээр борлуулах эрх зүйн боломжийг бүрдүүлэх,
- АМГТГ-ын тайлангийн системд хилээр гарсан нүүрсийг шууд борлуулалт гэж бүртгэдэг практикт анхаарах шаардлагатайг онцолсон. Учир нь экспортын зарим гэрээ DAP нөхцөлтэй байдаг тул бодит борлуулалтын хугацаатай зөрүү үүсдэг.
Салбарын бодлого, стандартын талаар
- Нүүрсний ангиллын одоогийн хэрэглэж буй журам нь 2023 онд батлагдсан нүүрсний стандарттай нийцэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэх,
- Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох боломжийг нээж, нэмэлт нүүрсний орд илрүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх,
- Аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийн бодлогоо уялдуулж, зах зээлийн үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарах,
- Эрчим хүчний нүүрсний экспортыг бодлогоор дэмжиж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хэмжээг бууруулах асуудлыг судалж үзэх.
Монгол Нүүрс Ассоциацийн зүгээс уулзалтын үеэр салбарын аж ахуйн нэгжүүдээс дэвшүүлсэн тулгамдсан асуудал, санал шүүмжлэлүүдийг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх, бодит ажил хэрэг болгоход идэвхтэй анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн нүүрсний салбарын үйл ажиллагааг илүү тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын түвшинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа хэлэлцээг тогтмол зохион байгуулах шаардлагатайг онцоллоо.
Цаашид салбарын уурхайчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй нягт хамтран ажиллаж, шийдэлд чиглэсэн, бодит үр дүн гаргах уулзалт, хэлэлцүүлэг, арга хэмжээг тогтмол зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа мөн илэрхийлэв.