"Уул уурхайн салбарын тогтвортой хөрөнгө оруулалтын орчинг ашиг хүртэгч жинхэнэ өмчлөгчдийн ил тод байдлыг хангах замаар баталгаажуулах нь" сэдэвтэй дугуй ширээний ярилцлага боллоо. Төрийн, хувийн, олон нийтийн төлөөлөл оролцсон ба Уул уурхайн үндэсний ассоциаци, Монгол нүүрс ассоциаци уригдаж оролцсон. Онцлох зүйлс:
- Монгол Улс "Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлага" хэмээх олон улсын түншлэлд 2006 онд нэгдэж, үүрэг хүлээсэн.
- Хүлээсэн үүргийнхээ хүрээнд хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах, өмчлөгчдийн бүртгэлийг хийх стандарт боловсруулах зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Жишээлбэл ашигт малтмалын А зөвшөөрөл хүсэхэд эцсийн өмчлөгчийн мэдээлэл шаарддаг болсон, Газар эзэмших хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдүүлдэг байх шаардлага тавьдаг болсон. Цаашдаа улам нарийн болгох зорилготой юм байна.
- Жинхэнэ өмчлөгчийг тодорхой байлгах зорилго нь улс төрч, төрийн томоохон албан тушаалтан шударга бусаар давуу байдал олж авч уул уурхайн бизнест шударга бусаар оролцох байдлыг хянах тухай бөгөөд харин цэвэр хувийн бизнест саад болох учиргүй гэж тайлбарлаж байна. Мөн мөнгө угаах, татвараас зугатаах, офшор бүсийн хөрөнгө оруулалтын маргаантай асуудлуудтай цаанаа холбоотой юм байна.
- Энэ шаардлага нь хувийн нууц, байгууллагын нууц зэрэг асуудлыг хөндөх тул хамаатай хуулиудад өөрчлөлт оруулах, олборлох салбарын ил тод байдлын тухай тусгай хууль батлах шаардлага үүсэх юм байна.
- Одоогоор бэлтгэл ажлууд хийгдсэн ба 2020 оны 1 сар гэхэд улстөрийн нөлөө бүхий этгээд олборлох салбар дахь өмчлөлийн талаараа бүрэн тайлагнадаг болох, жинхэнэ эздийн мэдээллийн бааз үүсгэх, түүнийг олон нийтэд нээлттэй болгох ажлуудыг төлөвлөсөн байна. Цаашдаа салбарын хөгжилд үзүүлэх эерэг сөрөг янз бүрийн нөлөөллийг судлах хэрэгтэй нь дамжиггүй.