Coking coal blending technology 2019, Taiyuan, China

 Коксын үйлдвэрт олон төрлийн нүүрсийг хольж байж түүхий эдээ бэлтгэдэг. Нүүрсний үнслэг бага, лабораторын коксжих үзүүлэлт сайн байлаа ч үнсэн дэх эрдэсийн химийн найрлага тохиромжгүй бол коксын чанар буурдаг. Тохирсон хольц бэлдэх нь байнгын ажиллагаа, зах зээл дээрээс тохирох нүүрсний эрэл хайгуул, нарийн технологи шаарддаг аж.

Хятадууд Шандунь мужийн Рижао боомт дээр олон улсаас төрөл бүрийн нүүрс авч 10 сая тонн хүчин чадалтай "холих терминал" байгуулж байгаа юм байна. Энэ бол гайгүй нүүрсээ исэлдсэн нүүрстэй бага зэрэг холих асуудал биш юм (үндсэндээ ноолуурын жинг нэмэхийн тулд өтөг бууцтай хольж чанарыг муутгахтай ижил). Энэ бол муу нүүрсийг сайнтай холих биш, нэг төрлийн сайн нүүрсийг нөгөө төрлийн сайнтай хольж тухайн үйлдвэрийн технологид тохирсон хольц гаргах ажил юм.

Тавантолгой, Нарийнсухайт, Хөшөөт, Овоот гэх мэт Монголын нүүрс коксын хольцод хэр хэмжээгээр орж болох, Монголын нүүрсний төрлүүд дундаас олон төрлийн коксын үйлдвэрүүдэд тохирсон янз бүрийн хольц гаргаж болох эсэх, Монголын коксжих нүүрсний төрөл бүрт ноогдох зах зээлийн судалгааг технологи талаас хийсэн ажил манайд бараг байдаггүй.

Зах зээлийн судалгааг худалдааны статистик, эдийн засгийн прогнозоос гадна технологи талаас нь судалж, Хятадын ямар үйлдвэрүүдэд Монголын аль нүүрс ямар хэмжээгээр хэрэгцээтэй байж болохыг туршилтаар дүгнэх хэрэгтэй юм байна. Өөрийн түүхий эдийн үнэ цэнийг сайн ойлгохын тулд. Энэ чиглэлээр технологийн судлаачид, коксжих нүүрсний экспортын компаниуд хамтарч ажиллацгаая.